Эртний хятадын философи /курсын ажил/

Оюун ухааны эрин үе болсон өнөө үед хүний оюун ухааныг хөгжүүлэхэд философийн мэдлэгийн үүрэг, ач холбогдол асар их.
Хүн төрөлхтний философийн түүх нь өөрөө философи мэдлэг ухаан хөгжиж ирсэн түүх юм. Энэ агуу их түүхээс судалж, суралцахгүйгээр философийг ухаарах, улмаар амьдралыг ухаарах боломж хомс болно. Философийн түүхийг судлах нь өнөөгийн хүмүүс өрнө ба дорнын үе үеийн мэргэн ухаантнуудын оюуны далайгаас утгачлан ухаарч, бидний амьдралаас урган гарч буй ээдрээтэй олон асуултын хариуг илэрхийлэх, ургуулан бодож, олон хувилбараар сэтгэх, эргэцүүлэн шүүн тунгаах үйл явц мөн. Түүнчлэн философийн түүхийн мэдлэг нь зайлшгүй орчин үетэй холбогдож, хүн өөрийгөө, амьдралыг, ертөнцийг танин мэдэж ухаалаг амьдрах арга, урлагт хүнийг сургадаг билээ.
Философийн үзэл сургаалуудад хүний амьдралын мөн чанар, зорилго, нийгэм улс төрийн шилдэг зохион байгуулалтын арга хэлбэр, ертөнцийг танин мэдэх асуудал гээд философийн суурь асуудлууд гүн гүнзгий мэргэн хариултуудыг өгсөн нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд цаашид ч тийм байх болно.
Бид эдгээрээс эртний Хятадын философийн тухай судалж, түүний үндсэн зарчим, сургаалыг олж энэхүү ажилдаа тусгав.

Эртний дорно дахины философи

Эртний Энэтхэг, Хятад орон бол хүн төрөлхтний соёл иргэншлийн анхны гал голомт, өлгий билээ. Эдгээр улс орнуудад барагцаалбал МЭӨ XV-VIII зууны үед хүмүүсийн өдөр тутмын практик мэдлэг, домгийн сэтгэлгээ болон шашны үзэл зэрэг эх сурваж дээр тулгуурлан, оюун ухааны асар их эрэл хайгуул хийх явцад ертөнцийг үзэх философийн үзэл үүсч хөгжсөн түүхтэй.
Эртний дорно дахины философийн үүсэл нь дээрх улс орнуудын тухайн үеийн эдийн засаг, улс төр, оюун санааны өөрчлөлтүүдтэй шууд холбоотой юм. Эртний Энэтхэг, Хятадад нийгмийн хөгжлийн явцад овог аймгийн харилцаа задарч, анхны төр улсууд байгуулагдан, хувийн өмч үүсч, хүн болон орчлон ертөнц юунаас үүссэн, хаашаа явж байгаа, хүн хүнээ хүндлэх ёс яагаад алдагдах болсон зэрэг олон олон асуултууд тэр үеийн хүмүүст тайлагдашгүй оньсого мэт байв. Эдгээр асуултуудад уламжлалт мэдлэг, домгийн сэтгэлгээ, шашин, ёс суртахууны тогтсон үзэл баримтлалын үүднээс өгч буй хариултуудад тухайн үеийн сэтгэгчид эргэлзэн шүүмжлэх, мөн уран гүнзгий сэтгэх зэрэг танин мэдэхүйн хэрэгцээгээр философи үүсч бий болов. Түүнчлэн эдгээр улс орнуудын урлаг, уран зохиол, соёл, шинжлэх ухаан нь нийгмийн өөрчлөлтийг даган шинэчлэгдэн хөгжих болсон явдал ч философи үүсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Эртний дорно дахины философи нь дэлхийн соёл иргэншлийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, Эртний Энэтхэгийн философи нь Энэтхэгийн өөрийн философичид болон нийгэм-улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн үзэл санаанд (М.Ганди, Ж.Неру, С.Радхакришнан гэх мэт) хүчтэй уламжлагдсаны зэрэгцээ мөн өрнийн шинэ болон шинэхэн үеийн томоохон сэтгэгчид болох Вольтер, Руссо, Гегель, Шопенгауэр, Ницще, Л.Толстой, Р.Роллан, А.Швейцер, А.Эйнштейн нарын үзэлд ч ихээхэн нөлөөлсөн байдаг.
Харин Эртний хятадын философичид нь Япон, Солонгос зэрэг Азийн олон улс оронд тархаж, хүчтэй нөлөө үзүүлсэн түүхтэй. Ихэнх тохиолдолд эртний дорно дахины философийг оюун санааны баялаг уламжлал бүхий Энэтхэг, Хятадын философиор төлөөлүүлэн судалж ирсэн байна.

Эртний Хятадын философи

Хятад орон, Хятадын ард түмэн 4000 гаруй жилийн түүхтэй, эртний соёл иргэншлийн нэгэн гал голомт юм. Тэгвэл Хятадын философи нь МЭӨ XIV-III зууны үед оршиж байсан Шан-Инь ба Жоу угсааны хаанчлалын үеэс үүсч, хөгжиж ирсэн бөгөөд Солонгос, Япон зэрэг Азийн бусад улс орнуудын соёл иргэншилд онцгой нөлөө үзүүлжээ.
Хятадын философийн түүх нь Хятадын ухаантан мэргэдийн нийгэм, хүний амьдрал болон орчлон ертөнцийг танин мэдэж, ухаарч ирсэн мэдлэгийн түүх мөн. Хятадын философи нь түүний оюуны соёлын гол цөм бөгөөд хүн төрөлхтний философийн сэтгэлгээний салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ.




Эртний Хятад дахь домгийн сэтгэлгээ

Хятадын анхны төр улс болох Шань-Инь улс нь МЭӨ XIV-МЭӨ XI зуун хүртэл оршин байв. Энэ үед Хятадад ангит нийгэм үүсч, тус улсын голлох аж ахуй нь газар тариалан болж, мөн дүрс үсгийн хэл үүсч байсныг хүрэл сав, яст мэлхийн хуяг, үхрийн далны ясан дээр бичсэн бичээсүүд гэрчилнэ. Тэр үед нэлээд нарийн боловсруулсан 12 сартай хуанлитай байж, их сарыг 30 хоногоор, бага сарыг 29 хоногоор хувааж байжээ. Энэ бүхэн нь Хятадад домог, шашин, философийн ертөнцийг үзэх үзэл үүсч хөгжих урьдач нөхцөл болсон юм.
Дэлхийн бүх ард түмэнд ертанц болон хүний үүсэл гарал, оршихуй, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны тухай шидэт домог (миф) олон байдаг. Эрт үеэс шидэт домог нь өөртөө байгаль ба нийгэм, ертөнц ба хүний харилцаа холбоо, хүний амьдралын утга учрын тухай өргөн мэдлэгийг агуулж иржээ. Ихэнх тохиолдолд шидэт домог нь бодит амьдрал, ортой үндэстэй үйл явдлыг тусган уран сайхны дүрээр тайлбарладаг онцлогтой бөгөөд эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл болж байв. Тийм ч учраас өнөө үед дэлхийн улс түмний домгийн сэтгэлгээг эргэн харж сонирхон судлах болжээ.
Эртний Хятадын философи үүссэн нэг гол эх сурвалж нь домгийн сэтгэлгээ мөн. Эртний Хятадын домогт ертөнцийн болон хүний үүсэл, оршихуйн талаар өгүүлсэн зүйлс баялаг юм. Энэ асуудлыг судлах гол эх зохиолууд гэвэл "Шан-Хай-зин" буюу "Уул усны домог", "И-зин" буюу "Өөрчлөлтийн ном" (зурхайн ном ч гэдэг) зэрэг олон бүтээлийг дурдаж болно.
Одоо эртний Хятадын шидэт домгийн сэтгэлгээний гол агуулга, үндсэн дүрүүдийн талаар товчхон өгүүлье.
Эртний Хятадад ертөнцийн үүслийн талаар тайлбарласан олон домог байдаг. Тухайлбал, Пань-Гу (харанхуйг хагалагч хэмээх утгатай үг бөгөөд Эртний Хятадын домгийн нэг гол дүр юм) - гийн домогт өгүүлснээр "Ертөнц нь эхлээд харанхуй хаос байдалтай оршин байсан бөгөөд тэрхүү харанхуйг Пань-Гу хэмээх аварга хүн хаа нэгтээгээс сүх олж тас цавчихад, хөнгөн, цэвэр, гэрэл гэгээтэй хэсгүүд нь дээш хөөрч, тэнгэр, од, нар, сарыг үүсгэжээ. Харин хүнд, бохир, бараан хэсгүүд нь доош тунаж газрыг үүсгэсэн. Улмаар газар, тэнгэрийн хослолоос ертөнцийн бусад юмс үзэгдэл буй болжээ".
Мөн түүнчлэн Пань-Гу-гийн домгийн өөр нэг хувилбарт бичсэнээр: "Эрт үед тэнгэр, газар саланги бус, ертөнц эмх замбараагүй тахианы өндгийн хэлбэртэй байх үед анх Пань-Гу хэмээх дээд өвөг бий болсон. Тэрээр тэрхүү өндгөн дотор өссөн бөгөөд нүдээ нээгээд харсан чинь юу ч олж харсангүй. Түүний эргэн тойронд пар харанхуй, түүний зүрх сэтгэл уйтгар гунигаар дүүрэн байлаа. Тийм ч учраас Пань-Гу өндөгнөөс гарахын тулд хүчээ нэгтгэж, тэр уйтгар гунигийг алга болгон, өндгийг хагалах үед хөнгөн цэвэр хэсэг нь дээш хөөрч тэнгэр болсон, хүнд бохир хэсэг нь доош бууж газар үүссэн. Ийнхүү Пань-Гу тэнгэр, газрыг үүсгэжээ. Түүний дараа Пань-Гу газар, тэнгэр хоёр буцаад нийлчих байх гэж айсандаа хөлөө газарт гишгэж, толгойгоороо тэнгэрийг тулах болжээ. Тийнхүү зогсохын хамт тэрээр аажмаар улам бүр өндөр болж, газар өргөссөөр байв. Ингээд олон арван жил өнгөрөв. Эцсийн эцэст тэнгэр, газар найдвартай тусгаар болж, тэр ч нас баржээ. Түүний нас барсны дараа өвдөг, тохой, тэргүүн нь таван их уулыг үүсгэж, зүүн нүд нь нар, баруун нүд нь сар болж, амьсгал нь салхи, цус нь гол мөрөн, үс сахал нь өвс ургамал болж, шүд, яс нь чулуу төмөр болж, бие дэх шимэгчид нь элдэв зүйлийн амьтадыг үүсгэжээ" гэх зэргээр ертөнцийн үүслийг гэнэн материалист үзлээр тайлбарлан өгүүлжээ.
Мөн түүнчлэн Хятадын домгийн сэтгэлгээнд Фу-Си хэмээх "Хүн шувуу"-ны тухай домог чухал байр суурь эзэлдэг. Фу-Си нь хүмүүст загас барих, газар тариалан эрхлэх зэрэг амьдрах ухааныг зааж өгсөн, анх соёлыг хүмүүст эзэмшүүлсэн гэдэг. Ер нь Фу-Си бол хүмүүсийн төлөө маш ихийг хийжээ. Тухайлбал, домогт өгүүлснээр, Фу-Си нь хүмүүст гал өгч, хоол ундаа болгож боловсруулах идэх боломж олгосон бөгөөд тэрхүү гал нь зохиомол биш (гал түймрээс гарсан) байгалийн гал байжээ. Харин хэт, цахиур хоёроос гал гаргахыг хүмүүс арай хожуу мэдэж авсан байна. Энэ талаар сонин домог бий. Эрт үед Суйнин хэмээх улсад нарны гэрэл ч хүрдэггүй, сарны туяа ч тусдаггүй болохоор хүмүүст өдөр шөнийн тухай ямар ч төсөөлөл байсангүй. Тэр үед нэгэн даяанч эр нэгэн их том модны сүүдэрт амрахаар шийджээ. Энэхүү балар харанхуй шугуйд жижиг жижиг цог улалзах адил жижиг гэрлүүд гялалзана. Түүнээс гадна дэргэд нь буй үнэт чулуу бас гэрэл цацруулж байв. Энэ орны иргэд, нар сарыг нэхэлгүй олон сар жил ажиллаж, амарч, унтаж, идэж аж төрж иржээ. Тэгээд нөгөө даяанч эр эдгээр гэрэл хаанаас гарч ирж буйг мэдэхийг хүсчээ. Гэтэл хар нуруу, цагаан элэгтэй, урт сарвуутай шувууд бахимаг хошуугаараа модыг тонших болгон хэт цахиур хоёрыг нийлүүлсэний адил цог үсрэг ажээ. Эндээс уг даяанч эр ийм байдлаар хүмүүс гал гаргаж болохыг ухаарчээ. Тэгээд тэр эр жижиг мөчих хугалан авч, нөгөө мөчирт үрэхэд гал улалзсан боловч дороо унтрав. Ингээд нилээд олон удаа хичээсний дараа галыг бадраав. Ийнхүү хүмүүс үрэлтээс хүссэн үедээ л гал гаргах боломжтой болжээ.
Хятадын домогт өгүүлдэг өөр нэг гол дүр нь Нюй-ва болно. Нюй-ва бол хүн толгойтой, могой биетэй эмэгтэйн дүр юм. Тэрээр бүх зүйлийг хийж бүтээх чадалтай, эмэгтэй бурхан мөн. Нюй-вагийн домогт бичсэнээр, тэнгэр, газар үүссэн тэр цагаас энэ ертөнц дээр уул ус, ан амьтан, араатан жигүүр үүсчихсэн байжээ. Харин хүн хараахан үүсч бий болоогүй байв. Тэр цагт газар дээр агуу их Нюй-ва бурхан хэсүүчилэн явдаг байжээ. Тэр ямагт ганцаараж, амьдрал нь утга учиргүй санагдаж, амьдралаа утга төгөлдөр болгохын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг ухаарчээ. Нэг удаа тэр голын хөвөөгөөр явж байгаад шавар авч, өөрийн голд туссан дүрээр жижигхэн охин бүтээжээ. Тэгээд түүнийг газарт тавихад гэнэт амилан уа уа хэмээн орилж, баяртайгаар дэвхцэж эхлэв. Ингээд Нюй-ва өөрийн бүтээлд баярлан, шавраар эрэгтэй, эмэгтэй олон хүн бүтээжээ. Улмаар тэдгээр хүмүүс нь тал тал тийшээ салан одсон байна. Ингэж дэлхий дээр анх хүний мөр гарч, Нюй-ва ч ганцаардлаас ангижирсан байна. Дэлхий дээр олон хүн буй болсон ч хүмүүс эргээд үхэх болов. Тиймээс хүний удмыг залган үргэлжлүүлэх асуудал тавигдаж, эр эм хоёрыг холбон, хүмүүсийн дунд хуримлах ёсыг бий болгов. Иймээс Нюй-ваг хуримын бурхан гэж нэрлэх ёс бий.
Хятадад бас одон ертөнцийн тухай домог ихэд дэлгэрсний жишээ нь "Үхэрчин хүү, нэхмэлчин охин" хоёрын тухай домог юм. Үүнд: Эрт цагт нэг ядуу хүү эцэг эхийгээ бие барахад ахтайгаа хамт аж төрөх болжээ. Бэргэн эгч нь их харгис хатуу зантай хүн байсан тул хүүд өвдөл цөвдөлхөн идүүлж, саравчинд хонуулдаг байжээ. Хүү өглөө бүр үхрээ бэлчээж, орой нар жаргахад л ирнэ. Ингэж явсаар хүү хөлөлгөөний шартайгаа ихэд дасчээ. Хүү хамаг зовлон гуниглалаа ганцхан үхэртээ л дуулдаг байжээ. Үхэр өөдөөс нь ширтэх нь хүүгийн дуулахыг ойлгож байгаа мэт. Үхэрчин хүүг том болоход ах нь тэрхүү үхрийг өгөөд дуртай зүг рүүгээ яв гэв. Хүү эхлээд уулын хөндий өгсч, ой шугуйг гатлан явсаар шөнө болов. Улмаар өөртөө нэг овоохой барьж жаахан газар хагалаад тариа тарьжээ. Гэтэл нэг өдөр үхэр нь гэнэт хүний хэлээр ярив гэнэ.
- Маргааш бүрэнхий болоход баруун уулын цаана байгаа нууранд оч. Тэнд тэнгэрээс дагинас ирж усанд орно. Чи тайлсан хувцаснаас улааныг нь аваарай. Түүний эзэн нь чиний заяаны хань юм гэв. Хүү нөгөө газар нь очтол хүүхнүүд усанд орж байв. Тэдний хувцас дотроос хүү улаан хувцсыг нь аваад нуугдав. Тэд:
- Одоо орой боллоо явъя. Бурхан буурал ээж загнана гэцгээжээ. Гэтэл нэг нь миний хувцас алга гэжээ. Хүү гарч ирээд хувцсыг нь өгөөд зовлонгоо ярив. Дагина,
- Би бурхан буурал ээжийн зээ нь билээ. Намайг нэхлмэлчин гэдэг. Тэнгэрийн оронд жаргалтай гэж хүмүүс боддог байх. Гэвч тэнд чөлөө зав гэж байхгүй. Би чамтай үлдье гээд үлджээ. Тэгээд хоёулаа овоохойдоо элгэмсэг сайхан суух болов. Тэд хоёр ч хүүхэдтэй болжээ.
Нэг өдөр үхэр уйлж байжээ. Юу болсныг асуувал би үхэх нь. Миний ширийг аваарай. Чамд тус болно гэжээ. Тэр үед Бурхан ээж нь хилэгнэж, бүх дагинасаа харанхуй оронд насаар нь хориод, зээгээ аваачиж гэсгээхээр тэнгэрээс буув. Ээж нь дагиныг аваачих гэж гараас нь чирэхэд дагина:
- Миний хүү аавдаа хурдан хэл гэж хэлж амжжээ. Үхэрчин эр гайхаш тасран сууж байтал үхрийн шир санаанд нь оржээ. Тэрээр ширээ нөмрөөд хоёр хүүгээ үүрээд эмгэнийг гүйцтэл, эмгэн мөнгөн самаа шидэхэд их том мөрөн гол үүсчээ. Тэгээд үхэрчин, нэхмэлчин хоёр маань хоёул их мөрний хоёр талаас бие биенээ харж, хайрлахаас өөр юмгүй болжээ. Одоо түүний ул мөр болж тэнгэрийн заадас (оёдол) үлджээ.
Ер нь домгоос бид өмнөх үеийн түүх, соёл, гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, амьдралын төлөө тэмцэл болон гайхалтай сонин зүйлс, баяр баясгалан, уйтгар гуниг зэрэг олон зүйлийг харж, ухаарч, үнэлэн цэгнэх боломжтой. Хятадын домгийн сэтгэлгээнд гэнэн материалист ертөнцийг үзэх үзэл, шашны үзэл зэрэг олон үзэл санаа агуулагдаж байдаг.

Натурфилософи

Хятадад философи нь Шан Инь улсын үеэс анх натурфилософийн хэлбэрээр үүсчээ. Тэр үеийн одон орон судлаач, байгаль шинжээч, зурхайч нар нилээд их хийсвэрлэлийн үндсэн дээр "Инь-яны сургаал", таван махбодын сургаалыг "У-Синь" боловсруулжээ. Энд гол төлөөлөгч нь Зоу Янь билээ.
Эртний Хятадын философийн нэгэн чухал эх сурвалж болсон "И-зин" буюу "Зурхайн сударт" инь-яны философийн талаар тодорхой өгүүлсэн буй. Тэрхүү сударт өгүүлснээр, "Инь, ян хэмээх эсрэг хүчнүүд, тэдгээрийн харилцан үйлчлэл бол ертөнцийн оршин буй бүхний үндэс, мөн бүхний хувьсал өөрчлөлтийн үндсэн шалтгаан болдог" ажээ. "Инь" хэмээх ойлголт нь газар, эх хүн, харанхуй, хүйтэн, зөөлөн, идэвхгүй (тайван байдлыг) эхлэлийг, өөрөөр хэлбэл, билгийн талыг илэрхийлдэг. Харин "ян" хэмээх ойлголт нь тэнгэр, эцэг хүн, гэрэл, халуун, хатуу, идэвхтэй (хөдөлгөөнийг) эхлэлийг, өөрөөр хэлбэл, аргын талыг илэрхийлдэг байна. Энэхүү эсрэг тэсрэг хоёр хүч нь харилцан бие биенийгээ үгүйсгэхийн хамт, бас нөхцөлдүүлж, эцсийн эцэст нэгдэл, зохицолд оршдог бөгөөд тэрхүү нэгдмэл байдлыг "Ци" хэмээх ойлголт илэрхийлдэг. Хятад хэлэнд "Ци" хэмээх ханз үсгийн утга нь амьдрах хүч бөгөөд философи утга нь анхдагч материаллаг хэсэг гэсэн ойлголт юм. "Ци" хэмээх ойлголт агуулгын хувьд өрнийн философийн матери хэмээх ойлголттой их төстэй. Эл натурфилософийн үзлээр, "Ци" буюу инь, яны харилцан үйлчлэлээс орчлонгийн бүх юмс үзэгдэл төрөн гардаг. Эдгээрийн харилцан үйлчлэлийг "Зурхайн ном"-д триграмм гурвалсан зураасаар илэрхийлдэг.
Триграммын тасархайгүй шулуун зураас бол ян (арга), тасархай зураас нь инь (билэг) юм. "И-зин" зохиолд "Ба-гуа" буюу найман триграммаар ертөнцийн зүг чиг, орон зай, цаг хугацаа зэрэг олон зүйлсийн харилцан холбоо хамаарлыг тайлбарласан байдаг. Мөн түүнчлэн эртний Хятадад ертөнцийн үүсэл, оршихуйн талаар тайлбарлаж буй өөр нэг баримтлал нь "У-син" буюу таван махбодийн сургаал юм. Эл баримтлалын гол агуулга нь ус, гал, мод, төмөр, шороо гэсэн зурхайн таван махбод өөр өөрийн онцлогтойн дээр бүгд нэг нэгийгээ харилцан үүсгэж нөлөөлж дийлж байдаг нэгдмэл мөн чанартайг илэрхийлдэгт оршино.
Өмнө өгүүлснээс үзвэл, хаан удам залгамжлах ёс нь мөн л махбодын ээлжлэхтэй тохирдог байна. Үүнд: Шар хаан сүр хүчээр нь засаглаж байсан Шороо Ся улсын Модоор солигджээ. Модыг Шан улсын Төмөр халж, Төмрийг Жоу улсын Галаар халан авсан бол Галыг Жоу улсын оронд гарч ирэх улсын Ус халж авах болно. Энэ улсын Усыг дараах улсын шороо дийлэх болно. Тэр цагт мөчлөг төгсөнө.
Энэ сургаалаар орчлонгийн бүх юмс дээрх таван махбодиос бүтдэг. Энд Ус бол ямагт нойтон, чийглэг, доошоо чиглэлтэй байдаг, харин гал бол ямагт халуун, хөдлөмтгий, дээш чиглэлтэй байдаг. Мод нь тахирлах, шулуудах, төмөр нь дийлэгдэх, өөрчлөгдөх, шороо нь тариалах, ургац хураахад захирагдах шинжтэй байдаг. Зун нь өмнө, өвөл нь умар, хавар нь (наран ургадаг) дорно, намар нь (наран жаргадаг) өрнө зүгтэй тохирно. Өдөр шөнө солигдох нь ч гэсэн жилийн дөрвөн улирлын солигдол жижиг хэмжээгээр явагдаж байна гэж үзжээ. Өглөөг хавар, үдийг зун, үдшийг намар, шөнийг өвөл хэмээн тайлбарлаж байлаа.
Цаашилбал, өмнө ба зун нь Гал махбодын зонхилох чиг болон цаг учир халууны ноёрхолын орон. Умар ба өвөл нь энэ чиг энэ цагт хүйтэн цас, мөстэй зүйрлэдэг Ус давамгайлах учир хүйтний ноёрхол юм. Гэтэл Мод нь дорно ба хавар цагт зонхилдог бөгөөд учир нь хавар (модоор бэлгэдсэн) ургамал сэргэх тул дорно нь хавартай тэнцэнэ. Төмөр нь өрнөдөд намар зонхилно. Учир нь төмөр бол хатуу, намар бол ургамлын өсөлт төгсгөл болдог тул өрнөд нь намартай тэнцэнэ. Ийнхүү тавын дөрвөн махбод үйлчлэх бөгөөд зөвхөн шороо (Дэлхий) нь тодорхой зүг ба улиралгүй юм. Хэдий тийм боловч "Юэ лин"-д өгүүлснээр Дэлхий нь таван махбодийн гол (чухал) махбод учир дөрвөн зүгийн төвийг эзэлж байна. Түүний зонхилох цаг нь зун ба намрын хоорондох богинохон хугацаа юм.
Эдгээр таван хүчний үйлчлэл түгээмэл шинжтэй. Тухайлбал, хүн болон нийгмийн хувьд дараах таван илрэл буй. Үүнд: Зан төлөв, хэл яриа, хараа, сонсгол, сэтгэл болно.
Эндээс аливаа хүний зан төлөв зохистой, хэл яриа нь цэгцтэй, хараа нь хурц, сонсгол нь тод, сэтгэл санаа нь уужим гүнзгий байх ёстой. Энэхүү зан төлвийн зохистой чанар нь үнэ хүндийг, хэл яриа цэгцтэй байх нь үнэн зөвийг, хурц хараа ойлгомжийг, тод сонсгол нь болгоомжийг, уужим сэтгэл нь мэргэн ухааныг төрүүлдэг байна.
Өөрчлөлтийн номны (И-зин) эхний хэсэг болох гексаграммаар мэргэлэх аргыг Хятадын анхны домогт хаан Фу-Си-г боловсруулсан гэж зарим эрдэмтэд үздэг бол зарим нь МЭ XII зуунд Вэнь Ван гэдэг хүн үүнийг зохиосон гэж үздэг байна. Ямартай ч Вэнь-Ваны хүү Чжоу гун - - зураасыг боловсруулж Цзы-Дань триграммын шугамуудыг томъёолж, эцэст нь Күнз "Арван жигүүр" хэмээх арван алдарт тайлбарыг бичсэн байна.
Мөн түүнчлэн триграмм эхэндээ 3 зураасаас бүрдэж хүн, газар тэнгэрийн харьцааг тэмдэглэдэг байжээ. Цаашдын явцад 3 зураас бүхий эгнээ 2 дахин их болсноор 6 зураасаас бүрдэх болжээ. Түүнийг гексаграмм хэмээн нэрлэжээ.
8 триграммд 24 зураас тэмдгүүдийн өөрчлөлтүүд нь харьцангуй энгийн, 64 триграммд 384 зураас болж илүү олон өөрчлөлтийг тодорхойлж, энэ өөрчлөлтүүд нь байгаль нийгэмд явагдаж байгаа ямар ч төвөгтэй харьцаа холбоог тайлбарлан харуулж чаддаг.
Эртний Хятадад гексаграммаар мэрэг хийхэд "гексаграмм нь тэмдэг, тоо, тайлбар гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг" гээд, эдгээрийн дүгнэлтээр азтай ба азгүй явдал, аз жаргал ба зовлон, аян дайны төгсгөл гэх мэтийг тааварладаг байжээ. Үүнд:
1. Тэмдэг: энэ нь гексаграммын зураг ба хар цагааныг илэрхийлсэн зураасуудын нийлбэр юм.
2. Тайлбар: энэ нь гексаграммын бүх зураасыг тайлбарлана. Гексаграммын тайлбарыг (гуя цы) зураасын тайлбарыг (яо цы) гэнэ.
3. Тоо: "И цзин" номны өөр нэг гол санаа нь инь яны үзлээс гадна тоо хэмжээний тухай өгүүлдэг.
Шан гүрний үед яст мэлхийн хуяг болон тоогоор мэргэлэх явдал үүссэн бөгөөд энэ мэрэг нь тодорхой зарим хүндрэлээс болж утгыг тайлбарлахад төвөгтэй болжээ. Үүний улмаас Чжоу гүрний эхэн үед 1000 навчит ургамлын иш, шилбээр мэргэлэх явдал үүссэн ба энэ мэрэг нь нууцлаг огторгуйн тоо хэмжээг өөртөө багтааж байдаг байна.
Тэр үеийн зурхайчдын үзлээр, 1000 навчит ургамлын иш шилбээр мэргэлэхдээ 50 савааг тусгай аргаар ялган тоолох ба энэ нь зургаан утга санааг илэрхийлж, гексаграммын зургаан шугамтай тохирох ёстой. Цааш нь, "И-зин" зохиолд өгүүлснээр, Ян гэдэг нь үргэлж сондгой тоог (тэнгэрийн тоог), Инь гэдэг нь үргэлж тэгш тоог (газрын тоо) илэрхийлдэг. Энд тайлбарласнаар 1, 3, 5, 7, 9 тоо нь тэнгэрийн тоо 2, 4, 6, 8, 10 тоо нь газрын тоо болно.
Газрын тоо, тэнгэрийн тоо нь хоорондоо зохицож, бие биенээ нөхөн гүйцээж байдаг. Түүнчлэн 1 гэсэн тэнгэрийн тоо нь усыг үүсгэж, зургаа гэсэн газрын тоо нь түүнийг устгадаг. 2 хэмээх газрын тоо нь галыг үүсгээд долоо гэсэн тэнгэрийн тоо нь түүнийг устгадаг гэх мэтчилэн: 1, 2, 3, 4, 5 гэсэн тоонууд 5 элементийг үүсгэж, 6, 7, 8, 9, 10 гэсэн тоонууд тэднийг устгадаг байна.
Пифагор "И Цзин"-г бүтээснээс таван зууны дараа амьдарч байхдаа тоог оршин байгаа амьдралын үндэс гэж тооцож байв. Тэрээр тэгш ба тэгш бус тооны зөрчидөөний үндсэн дээр байгаль нийгмийн хооронд 10 зөрчилдөөнийг гарган 8 эд зүйлийг нэг групп болгож, харилцан шүтэлцээний бэлэг тэмдэг болгосон. Энэ бүхэн түүнээс өмнө "И Цзин"-д тодорхой илрэлээ олсон буй.
Ийнхүү "Инь-яны" философи, "У-син" сургаалд байгаль, хүн хоёрыг нэгдмэл байдлаар авч үздэг.

Ихэнхи хүмүүс бодитой зүйлийг мэдэрч сэтгэж илэрхийлэхэд оюун ухаанаа дасгасан байдаг. Бодит зүйлсийг нэрлэж болдог. Тэгвэл Дао бодитой биш, түүнийг нэрлэж болохгүй. Дао гэж нэрийдэж буй боловч, үнэн чанартаа энэ бол нэр биш юм. Тэнгэр, Газар гэдэг бол нэр. Гэтэл цаана нь эдгээр нэртэй бүхний оршин тогтнох ахуйлаг шинж чанарын эх үүсвэр, учир жанцан болсон онцгой нэгэн зүйл байх ёстой гэж Лаоз үзсэн. Тэр нь хоосон Дао ажээ. Ертөнцийн зохирлын тэмтрэгдэшгүй үндэс гэх юм уу даа...
Дээр "Нэг нь хоёрыг, хоёр нь цаашлаад олныг төрүүлнэ" гэсэн санаа бий. Тэгвэл нэгийг хоосон төрүүлнэ. Өөрөөр хэлбэл, эс оршихуйгаас оршихуй төрнө гэсэн үг. Тэгэхээр "Хоосон" бол яг ч хоосон биш, Лаоз энэ бүхний уг учрыг яг ч "мэдэхгүй" биш болж таарч байна. Дао бол нэргүй, нэрлэгдэшгүй, гэхдээ нэртэй бүхэн түүний оршин буйн ачаар л оршин байж, нэрээ олж авч байгаа хэрэг.
Даосизмын нэг чухал тулгуур бол "бүх юм хувирч өөрчлөгдөвч, тэдгээрийг зохицуулагч хууль хувиршгүй, мөнхий" хэмээх үзэл юм. Тэрхүү мөнхийн хуулийг нь хэн ч таньж болно. Зарчим нь тун ч сонирхолтой, бас энгийн: "Аливааг эсрэгээр эхэлж хий! Аливаад та эсрэг талаас нь дөхөж оч!". Тухайлбал, та хамгийн сайн хүн байхыг эрмэлздэг гэж саная л даа. Тэгвэл нэн түрүүн та хичнээн муу хүн болохоо мэдэрч ухаарах ёстой. Хэрэв та өөрийгөө асар их буян хийчихлээ, хүний дээд болчихлоо гэж бодох юм бол, яг үнэндээ бол мөнөөх дээд буянаасаа ухарч байгаа явдал юм. Маш их буян хийсэн нь үнэн ч байг, та түүнд хүрэхээсээ улам л холдох болно. "Гойдын тэгш шулуун нь муруй мэт" гэсэн үг дээр байгаа биз? Аливаа зүйл эцэс хязгаартаа хүрэхдээ эсрэг тар луугаа эргэчихнэ гэсэн санаа. Явна гэдэг цаад туйлдаа бол ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид энэ хуулийг ойлгочих юм бол, хүссэн зорьсондоо нөгөө талаас нь илүү амархан хүрч болох нь л дээ.
Зорьсондоо хүрэх, аюул уршигаас зайлах, хүний хорвоод зөв зохицох зэрэг мэргэн ухааны гол зорилго билээ. Даогийн үүднээс бол, аливаад цааш явах замгүй болох нь зовлонгийн уг юм. Тиймээс дээрэнгүй ихэмсэг байхаас номхон хүлцэнгүйг илүүд үзнэ. Баяжихаас хоосонг илүүд үзнэ. Ихэрхэнэ гэдэг хүн төрөхийн эцэст хүрнэ гэсэн үг. Цааш явах зам үлдэхгүй. Хүлцэнгүй хүн дээрэнгүй болтол их зай байна. Явах зам хангалттай үлджээ гэсэн үг. Үүнийг таньвал Даог таньж ч магадгүй.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
utopia

nadad heregt l yum ilvv delegrengvi zvil hiigerei amjil

yoo (зочин)

ymar erguu yum bichdiin be .bur neg utgaa neg bichsen yuma hichneen mynga davttsiin muu lalar jin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)